Friday, February 29, 2008

ТӨР ШАШИН ХОЁР ХОЛИЛДООД ИРЭХИЙН ЦАГТ…

Хүн төрөлхтөн дундад зууны бурангуй үеэс сугаран гарсан үндсэн нөхцлийн нэг нь төрийг шашнаас, сүм хийдийг сургуулиас тусгаарласан явдал гэж дэлхий дахинаа хүлээн зөвшөөрдөг. Харин Монголын Ерөнхийлөгч Н.Энхбаяр XXI зуунд төр, шашныг нийлүүлэх шинэ “онол” гаргаж, түүнийгээ Цагаан сарын өмнөхөн Бурхны шашны тэргүүнүүдэд танилцуулав. Энэ тухай өгүүлсү.

Н.Энхбаяр уламжлал ёсоор Бурхны шашны сүм хийдийн тэргүүн болон лам хуврагийн төлөөлөгч нарыг хүлээн авахдаа энэ “онол”-оо дэвшүүлсэн бөгөөд олон нийт үүнийг нь хараахан анзаараагүй байгаа юм. “Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Номт төр” гэсэн хоёр “онол”-ыг оролцуулбал энэ нь түүний сүүлийн хагас жилд гаргаж буй 3 дахь “онол” болно.

Төрийн тэргүүн үү, шашны тэргүүн үү ?

“Одоо Монголын Бурханы шашны өмнө шинэ зорилт, шинэ хэрэгцээ, шинэ шаардлага тавигдаж байна…Үүний тулд Бурханы шашинт иргэдийн нийгэмлэг, хөдөлгөөн, санваартнуудын нэгдсэн чуулган, сүм хийдийн тэргүүн ловонгуудын зөвлөгөөн зэрэг үйл ажиллагааны оновчтой зохион байгуулалтад орж, орчин цагийн удирдлагын зарчмаар ажиллах цаг болсон байна.”

Зарчмын хувьд үүнийг үгүйсгэх аргагүй, гэхдээ эдгээр нь яав ч төрийн тэргүүний хийх ажил огтоос биш. Монголчууд шашин, төр хоёрыг хэзээ ч хольж байгаагүй бөгөөд энэ талаар олон ном судар бий. Ядахдаа Юан гүрний үеийн “Арван буянт номын Цагаан түүх” –ийг уншиж болно оо доо.

“Бурхны шашны үүрэг нь нийтийг сүсэгт хөтлөхдөө шинжлэх ухаанч мэдлэг (?), амьдралын ухаан, ёс суртахуунд сургах явдал гэдэг нь тодорхой байна.

Н.Энхбаяр Бурхны шашны үүргийг тодорхойлох хэмжээнд хүртлээ хол хадуурчээ. Хамгийн хачирхалтай нь тэр манай шашнаас “шинжлэх ухаанч мэдлэг” шаардаж байгаа явдал мөн. Хэдийгээр шинжлэх ухаан, шашин хоёрын аль аль нь тасралтгүй хөгжиж, харилцан ойлголцол, тайлбарлалын шинэ түвшинд хүрсэн ч гэсэн одоо болтол энэ дэлхий дээр шашнаас шинжлэх ухаанч мэдлэг шаардсан хүн гараагүй байсан юм. Харин манай Ерөнхийлөгч шашнаас шинжлэх ухааны мэдлэг шаардсан анхны хүн болж байна. Зурхайчаасаа эхлээд төрийн тэргүүнээ хүртэл Эйнштейныг иш татдаг өвчтэй болж дээ, хөөрхий.

Шашны болон иргэний боловсрол ялгаагүй болчсийм уу ?

Ерөнхийлөгчийн ивээл дор боловсруулагдаж буй “Иргэний боловсрол” хөтөлбөрт буддизмын боловсрол тодорхой байр суурь эзлэх ёстой.

Миний ойлгож байгаагаар манай 260 гаруй сүм хийдэд 4000 лам хувраг байгаагийн олонхи нь банди нар бөгөөд тэд буддын боловсролыг чөлөөтэй эзэмшиж байгаа. Тэр ч байтугай цөөнгүй хувраг иргэний боловсролын шугамаар эрдмийн цол зэрэг хамгаалсан юмдаг. Одоо бүр санаа амар болж, иргэний болон шашны боловсролыг буцаагаад холих нь шив дээ.

Манай улсад лалын шашинт казак ард түмэн байдаг. Бас бидний уламжлалт бус гэж ерөнхийлөн нэрлэдэг олон шашин, тэдгээрийн олон зуун урсгал манайд бий.

Тэд бас Ерөнхийлөгчийн энэ хөтөлбөрт хамрагдах ёстой юу ? Бидний аль хэдийн мартчихсан “Төр, сүм хийдийн харилцааны тухай” хуулинд “Иргэнийг шашин шүтэх, эс шүтэхэд албадах, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэсэн заалт уг нь байгаа л юмсан.

Буддын ёс суртахууны зарим хэм хэмжээг орчин үеийн нөхцөлд нийцүүлж, зохицуулж хойч үеэ соёлжуулах, иргэншүүлэх, нийгэмшүүлэх, хүмүүжүүлэх, боловсруулах зорилгод ашиглахыг эсэргүүцэх Монгол хүн нэг ч гарахгүй гэдэгт би итгэж байна. Дэлхийн аль ч шашин секурализаци буюу иргэнлэгшиж байгаа нөхцөлд үүнээс өөр арга байхгүй юм. Харин үүнийг ийм тэнэг аргаар хэрэгжүүлэх гэвэл шашин хоорондын будлианыг ч ёстой нэг тарьна даа. Ингэвэл хариуцлагыг нь Н. Энхбаяр хүлээх юм уу ?

Буддын боловсрол гэж ганц юм байдаггүй

Энд Н.Энхбаярын шашны болон иргэний боловсрол дэндүү ядмаг нь илт харагдаж байна. За яахав, Буддизмын боловсролыг манай Ерөнхийлөгч гуайн “Иргэний боловсрол” хөтөлбөрт оруулжээ гэж бодъё.

Тэгвэл манай шашинд ч гэсэн бусад аливаа шашны адил барууны хэллэгээр бол маш олон урсгал, сект, культ, деноминаци байдаг.

Ньинмава ёс. Энэ нь Ловон Бадамжунайн үндэслэсэн “хуучны ёс” хэмээн нэрийддэг улаан малгайтны ёс болно. Энэ ёсыг ад зэтгэрийг дарахдаа гарамгай гэдэг. Дашрамд дурдахад хэрэв ловон Бадамжунай амьд сэрүүн байсан бол Н.Энхбаяр болон нэр нэгт УИХ-ын гишүүн Т.Бадамжунай мэтийг хийсэн нүглийнх нь төлөө 18 тамын ёроолд хаях байсан нь ямар ч эргэлзээгүй.

Сажава ёс. “Цайвар шороот” гэж үүссэн газраараа нэрлэгдсэн Их Хөлгөний төв үзлийн чиглэл боловч дотроо Нагаржунайн болон Майдарын ёсных гэж хуваагддаг. Хожим нь норва, жонанба ёснууд эндээс салбарласан байдаг. Сажава ёсны “Мөр-үрийн” сургаалиас 18 өөр чиглэл үүссэн түүхэн баримтууд тодорхой бий.

Гаажүдва ёс. “Зарлиг үндэстэн” хэмээх утгатай, Жэвзун Марвагийн үүсгэсэн энэ ёсны “Миларайбын намтар” зэрэг зохиол бүтээл монголчуудын дунд их алдартай, бас нөлөөтэй.

Гаадамба ёс. Атишагийн (XI зуун) үндэслэсэн энэ ёс нь хожмын Богд Зонховагийн үүсгэсэн гелүгва ёс буюу “шарын шашин” –ны гол тулгуур болсон байдаг. Энэ ёсны гол онцлог нь бурхны шашны их, бага хөлгөн хийгээд судар, тарнийн ёсыг хооронд нь харшуулалгүй, нэг зам мөрийн үе гишүүн болгох зарчмын баримталдаг.

Энд би тоймгүй олон ёснуудаас гол томоос нь дурдаж байна. Одоо манай уншигчид Буддын сургааль нь нэн тодорхой олон тооны чиглэл, урсгал, ёсноос бүрддэг, тэр ч байтугай өөр хоорондоо тэрсэлддэгийг ойлгосон байх гэж бодож байна. Энийг мэдэх гэж шашны түүх судлаад байх шаардлага бараг байхгүй бөгөөд “Цогт тайж” киног санахад л хангалттай. Иймээс алийг нь ярьж байгаагаа хэлэлгүйгээр ерөөс Буддизмын (ядахдаа Буддын юм уу Бурхан багшийн гэж хэлж болно шүү дээ. Д.Г.) боловсролыг иргэний боловсролд оруулах тухай ярих нь тэнэглэлийн дээд явдал болно.

Хэмжээгүй эрхээс ч хэмжээгүй илүү…

Би 2007 онд Сутай хайрхан, Суврага хайрхан, Хан Хөхий уулыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргасан. Одоо манайд төрийн тахилгатай 8 их уул байна. Уулын тэнгэр тайх ёс нь байгальтай харьцах уламжлалт соёлыг өнөө үеийнхэнд өвлүүлэх, үндэсний мэдрэмж, ухамсар сэтгэлийг өдөөх, шүтлэг бишрэлийн ухаарлыг төрүүлэх олон талын учир холбогдолтойгоос гадна байгалаа хамгаалах, амь ахуйн сүйрлээс сэргийлэх дэлхий дахины хүсэл эрмэлзэл болон үндэсний төрийн бодлоготой уялдаж байгаа билээ.

Н.Энхбаярын уул тахих ёс нь дэлхий нийтийн хүсэл эрмэлзэлтэй уялдаж байна гэнээ. Энэ ч арай хэтэрч байна аа.

Төр шашныг хослон баригч, хэмжээгүй эрхт Богд хааны үед Отгонтэнгэр, Хан Хэнтий, Богд хан гэсэн 3-хан уул тахидаг байсан бол Ерөнхийлөгч Н. Энхбаярын үед 8 болж манай шашин бараг гурав дахин ихээр мандаж таарч байна. Нэртэйгээр нь өөрийгөө шашны тэргүүн гээд зарлачихвал амар юм даа. Уг нь бид чинь XXI зуунд амьдарч байгаа шиг санагдах юм.

Хэрэв би эндүүрээгүй бол манай Үндсэн Хуулинд “төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэж заасан л юмсан. Энэ нь шашны хэрэгт төрийн тэргүүн нь дуртай үедээ давхиж орохыг хэлээгүй байлтай.

Төр нь ингэж шашны хэрэгт хутгалдаад байхлаар санваартнууд нь аяыг нь дагахаас өөр яах билээ. Төр нь уул ус тахиснаараа сайн болдогсон бол манай газар нутаг, хөрс ус, агаар хордож, ан амьтан, араатан жигүүртэн устахын ирмэгт тулж ирэхгүй байсан.

Төрийн тэргүүний эхлүүлсэн энэ тэнэг ёс доош доошоогоо халдварлаж ёстой нэг эх захаа алдаж байна. Зун нь овоогоо тахиж наадам хийчихээд намар нь алт ухаж нөгөө овоогоо хонхойсон нүх болгосон эмгэнэлтэй жишээ хэд хэд бий.

Сүүлийн үеийн төрийн тахилгын жишгээс харахад энэ нь тахих гэхээсээ бузарлах нь илүүтэй болж, хэдхэн шинэ феодалын баян тарганаа гайхуулах найр наадам, рекламын шинжтэй болсныг дурдах нь шударга ёсонд нийцнэ.

Бид чинь уул усаа тахиж олон мянган жил болоод ирсийм, чи муу юу гээд байгаам гэж агсрагсад гарах нь гарцаагүй.

Үүнийг манай YIII Богд өнөөгийн биднээс тун ухаалаг, зөв шийдвэрлэсэн байдаг бөгөөд тэрээр “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг”-тээ “Улс төрийн ёсонд хичээнгүйлэн тэнгэр газар, өвөг сүм, шорооны эзэн, тариалангийн эзний их мандалд өчин тайх ёслол бүхийг нь олон харъяат газрын язгуураас явж ирсэн хуучин суртал ёсыг дагаж явуулагтун” гэж хуульчилсан байдаг. Төрөөс тахиад бай гэж хэлээгүй байгаа биз дээ.

Төрийн нэрээр зарлиг гаргаад нэмж тахиад байвал Монголд хэдэн уул тахиж болохыг ёстой Бурхан л мэдэх байх. Ерөөс манайд шашны асуудлыг нухацтай тунгааж, ярилцах цаг болсон. Энд ярих ярихгүй зүйл олон байх…

Төр, шашин хоёр холилдоод ирэхийн цагт юу гээч болдгийг манай түүх гэрчилнэ.

Төрөө ч барьж чадахгүй хэвтэж, нэмж шашнаар оролдохоо эртхэн больж үзээрэй, сонгуулийн үеэр мөнгө тарааж ард түмнийг мунхруулах замаа засч байгаагий чинь ямар мэдэхгүй биш…

Судлаач Д.Ганхуяг.

2008 оны 2 дугаар сарын 11.

Thursday, February 28, 2008

Манжийн дарангуйллын үе дэх Монгол орон



XVII зууны сүүлч үеэс XX зууны эхэн үе хүртэл 200 гаруй жил Монгол орон манжийн байлдан дагуулагчдын эрхшээлд нухлагдаж байв. Энэ үе бол Монголын түүхийн хамгийн гашуун зовлонт харанхуй үе байсан юм.
Манж нар бол одоогийн Манжуурт нутаглаж байсан хамниган угсаатан бөгөөд XVI зууны сүүлчээр цэрэг-язгууртаны хүчирхэг улс болон бүрэлджээ. Манж нар богино хугацаанд зэргэлдээх орнуудаа түрэмгийлэн улмаар Монголын хаант улсуудыг эзлэн авав.
Монголын феодалын улс манжид эзлэгдсэн түүний талхинд орсон нь хэдэн шалтгаантай байв. XVII зууны үед Монгол орон дотоодын феодалын бутралын уршиг, гаднаас манж, хятадын хаадын хагалан бутаргах хорт явуулгын улмаас Өвөр Монгол, Ар Монгол, Баруун Монгол (Ойрад) гэсэн гурван том хэсэг болон салж, тэдгээр нь бас дотроо олон жижиг феодалын эзэмшилд хуваагджээ. Эдгээр том, жижиг язгууртнууд бүх Монголын хаан ширээ болон өөр өөрсдийн биеэ даасан байдлын төлөө үргэлж тэмцэлдэж байсны улмаас Монгол орон дотоодын хямралд гүн автжээ.
Улс орон нь доройтож, бас харийн аюул занал нүүрлээд байсан тэр нөрцөлд Монголын феодалууд эв нэгдлээ бэхжүүлж, түрэмгийлэгчдийн эсрэг нэгэн мөрний урсгалд нийлэн шийдвэр төгс тэмцэх ёстой байлаа. Цахарын Лигдэн хаан, Халхын Цогт хун тайж зэрэг хүмүүс үүнийг ухамсарлан нийт улс гэрийнхээ тусгаар тогтнолоо хамгаалахыг уриалан тэмцэж байв. Гэтэл зарим феодалууд зөвхөн өөрсдийн явцуу ашгийг хичээн нийтийн тэмцэлд нэгдэхгүй, тус тусдаа тэмцэх, бууж өгөх зэрэг бодлого баримталж байсан нь тэмцлийн эрчийг сулруулж, хүчийг сарниулжээ. Манийн байлдан дагуулагчид 1644 онд Хятадыг эзлэн авсан нь түүний эдийн засаг, цэрэг зэвсгийн их хүчийг Монголын эсрэг шууд дайчлан хөдөлгөх боломжтой болжээ.
Манж нар улс төрийн элдэв луйвар аргаа цэрэг зэвсгийн давуу байдалтай хослуулсаар 1636 онд Өвөр Монголыг, 1691 онд Халх Монголыг, XVIII зууны дундуур Баруун Монгол (Ойрад) – ыг эрхэндээ оруулжээ. Тэд Монголыг эзлэн авсаны дараа ноёрхолоо бэхжүүлэхийн тулд Монголын уламжлалт хууль, засаг захиргааны зохион байгуулалтыг цөм хүчингүй болгон, өөрсдийн харгис засаг захиргааг чандлан тогтоож, манай ард түмний хүчээ нэгтгэн босч тэмцэхээс болгоомжлон тэдний улс төрийн нэгдлийг бутаргаж, хүчийг нь сарниулахад чиглэсэн олон арга хэмжээ авчээ. Монгол орныг Манжийн хааны төлөөний сайд захирч, монголчуудаар өртөө, харуулын цэрэг, хүнд хүчир алба даалгах, манж хааны Монголоос дээрэмдэн авсан олон зуун мянган малыг үнэ хөлсгүй хариулган үржүүлэх, Ховдод байсан Манжийн дарангуй цэргийн хүнсний тариа тариулах, цэргийн албанд дайчлан мордуулах, мөнгөн татвар авах зэргээр малчин ардын хөдөлмөрөөр бүтээсэн баялгийг ховх сорон үгүйрүүлж байв. Жишээлбэл: зөвхөн Манжийн элч, төлөөлөгчид зорчиход зориулсан олон замын өртөөний зардалд жил тутам саяас доошгүй мал албадан гаргуулж байсны дотор гагцхүү зорчигчдын хүнсэнд 200,000 гаруй хонь хэрэглэж байжээ.
Манжийн эрх баригчид шашныг бүх талаар дэмжин дэлгэрүүлж түүний тусламжтайгаар ард олныг мунхаруулан харанхуй бүдүүлэг хэвээр нь барьж, номхон боол болгон дарлахыг хичээж байлаа. Хүрээ хийд, лам нарын тоог хэтэрхий олшруулсан нь олон идэр эрийг бүтээлч хөдөлмөрөөс хөндийрүүлж, тус улсын хүн амын өсөлтийг сайтуулсны гадна үйл олон лам нарыг хооллож, хувцаслах, тэдний хурал номын бүх зардлыг бэлтгэн нийлүүлэх нүсэр хүнд албыг ард түмэнд давхар үүрүүлсэн юм.
Монголын ард түмэн ингэж манжийн эрх баригчид, монголын феодал ноёд, лам нар гэсэн хэд хэдэн эзэнд нэгэн зэрэг үйлчлэх ганц зарц нь болоод зогссонгүй, бас хятадын худалдаа, мөнгө хүүлэгчдэд давхар шулуулж үгүйрлийн балчигт лавшран шигдсээр байв. Манжийн засгийн газрын шууд ивээлээр Монголд нэвтэрсэн Хятадын худалдаа, мөнгө хүүлэл монголын эрд түмний хөлс, цусыг сорон тамирдуулж байлаа. Хятадын шунахай худалдаачид өр төлбөрийн хүүг 400 хувь хүртэл өсгөж Монгол орныг “баяжих, хөлжих алтан хайрцаг” хэмээн ичгүүргүй нэрлэж байв. Хятадын худалдаачид бүр гурван янзын жигнүүрийн туухайтай байсан бөгөөд хүнд туухайгаар нь бусдаас авах зүйлийг, хөнгөнөөр нь бусдад худалдах барааг хэмжиж, жинхэнэ туухайг мэхлэж болохгүй нөхцөлд хэрэглэж байв. Бас өөрсдийн барааг маш өндөр үнээр худалдаж Монголын түүхий эдийг туйлын хямд авдаг болсон байна.
Манжийн эрх баригчдын шаардан тушаасан олон зүйлийн бачим түргэн албыг хугацаанд нь гүйцэтгэхийн тулд хошууны тамгын газар, аймгийн чуулгад арга буюу шахагдан хятад пүүсээс өндөр хүүтэй мөнгө зээлдэн авч алба залгуулна. Албаны энэ өрийг ч, харьяат ноёдынхоо хятад худалдаачдад тавьсан өрийг ч ардууд төлнө. Манжийн феодалууд, хятадын худалдаачдын шунахай эрх ашиг яваандаа нийлж нэг нь алба татвараар, нөгөө нь өр зээлээр Монгол орныг хамтран мөлжиж, ард түмнийг амь зуулгын хэдэн малаас нь хагацуулан сүйрлийн даваанд тулгаж байлаа.
Гэвч Монголын ард түмэн гадаад, дотоодын давхар дарлалд дуугүй нухлагдан, ямагт толгой гудайн хүлцэж явсангүй, эрэлхэгээр босон тэмцэж, тэмцлийн туршлагаа баяжуулсаар байсан юм. Монголын ард түмний тусгаар тогтнолын төлөө тэмцлээс хамгийн хүчтэй нь Ойрадын Амарсанаа, Халхын Чингүнжав нарын удирдсан 1755-1758 оны зэвсэгт бослого юм.
1755-1758 оны зэвсэгт тэмцэл дарагдсан боловч монголын ард түмний түүхэнд гүн ул мөрөө үлдээн тэмцлийн сургамж дууриал болж, тэдгээр тэмцэгчдийн баатарлаг дүр ард түмний дунд мөнхөрөн алдаршжээ.
Энэ үеийн ард түмний тэмцэл нэг талаар манжийн түрэмгийлэгчид, хятадын шунахай худалаачдын эсрэг, нөгөө талаар нутгийн авилгач ноёдын эсрэг чиглэж байв. Ардын тэмцлийн дотроос заргын хэлбэр ихэд дэлгэрчээ. Ардууд заргын бичигтээ манжийн хүнд алба, ноёдын авилгая шунахай зан, ёс бусын олон гувчуур, өөрсдийн амин зуулгын хүнд байдал зэргийг учирлан тоочоод алба татвар хөнгөлж, шунахай ноёдыг зайлуулахыг шаардаад, эцэст нь нэрсээ нарны цацраг мэт дугуйруулан бичдэг байв. Энэ нь толгойлогчоо харгис ноёдоос хамгаалсан хэрэг байв. Ноёнтойгоо заалдсан, үгүйрэн өр төлж чадахгүй болсон, худалдаачдын пүүсийг довтолсон ардуудыг эмнэг адууны сүүлээс чиргүүлж тасдуулах, элсээр чигжин алах, есөн эрүү тулгах, дөнгөлөх, эхнэр хүүхдийг нь өрөнд бодож худалдаачдад өгөх зэргээр харгисладаг байжээ.
Тэгэвч мөлжлөг, харгислал нэмэгдэх тусам зовлон туулж хатуужсан монголын ард түмэн тэмцлийн эрчээ чангалан галд тос нэмэхийн адил дүрэлзэн боссоор байсан юм.
XIX зууны сүүлчээс Манж гүрний сүр хүч бууран доройтож, феодалын нийгэм нь үндсээрээ ялзран хэврэгшиж, улмаар том империлист гүрнүүдийн түрэмгийлэлд өртөн тэдний хагас колони болон хувирчээ. Манжийн эрх баригчид энэ нөхцөлд яаралтай арга хэмжээ авав. Монголыг цусгүй колончилж, юуны өмнө хятадчилах зорилгоор үй олон хятад иргэнийг Монгол нутагт цутган оруулж, малын бэлчээрийг хагалан, тариалангийн талбай болгохоор үржил шим сайтай газруудыг булаан авч хятадуудад олгож эхлэв. Идээшилт газар шороо, төрөлх ард түмэндээ элгэн хайртай Монгол хүн харийн энэ доромжлол, дарангуйллыг хүлцэн тэвчих аргагүй болж, энд тэнд эсэргүүцлийн уухай дэгдэн, улмаар Монголын язгууртнууд ард түмэнтэйгээ нэгдэж эхэлжээ.
1911 – 1912 оны Монголын ард түмний үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөр Монгол Улс ийнхүү тусгаар улсаа сэргээж чадсан нь манай ард түмний олон жилийн шаргуу тэмцлийн үр дүн байсан бөгөөд Монголын ард түмний түүхэнд гарсан нэгэн чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм.


Saturday, February 23, 2008

Чадахгүй юм гэж алгаа хөө

Оёно чиг хатгана чиг

Бритнигийн үсийг засжил явлаа
DJ хийнээ гэдэг сайхаан
Нарийн боовыг бол хийнээ.Боовхүү
Лазермен
Массаж ч харин хийнэ шүү
Самар цөмнөө