Sunday, September 14, 2008

Хятадуудыг Монголчуудаас Аварсан Еэвэн-гийн Түүх



Монголчууд бид бүгд л мэднэ дээ намар болохоор Хятадууд еэвэн сараа сүр бадруулан тэмдэглэж түүнд нь бид дургүйцээд л. 50-70 аад оны үед Улаанбаатарт Хятад олонтой еэвэн сарны баяраа тэмдэглэх нь илт мэдрэгддэг түүнд нь Монголчууд тун дургүй түүнээс болж Монголчууд Хятадуудын хооронд зодоон гардаг байсан талаар аав ээж өвөө эмээ маань ярьдаг байсан сан. Еэвэн гэдэг үг нь Монголчилвол үнэндээ "yue bing" (бин, гамбир) буюу "саран боов " гэсэн Хятад үг л дээ. 70-80 аад оноос Улаанбаатарт Хятадууд цөөрч түүнтэй хамтраад еэвэн хийх нь ч багасч, еэвэн гэдэг үг ч одоо хэрэглэгдэхээ бараг больж дээ. Гэхдээ чухам ямар учраас Монголчууд Хятадуудыг еэвэн сарны баяраа тэмдэглэхэд нь дургүйцдэг байсан нь сонирхолтой юм. Мэдээж еэвэн гэдэг үг нь Хятад үг болоод тэрнээс болсон юм биш л дээ. Хүмүүс янз бүрээр тайлбарладаг байлаа. Миний xамгийн түгээмэл сонссон түүх нь болохоор Хятадууд еэвэн сараараа Монгол хүний дүрсийг зурсан еэвэн хийгээд түүнийгээ хагалж иддэг гэсэн түүх байв. Ямартай ч байсан Монголчууд маань Хятад бурамтай үзэмтэй еэвэн идэх тун дуртай байсан гэдэг мөртлөө тэр еэвэн сар гээч баярт нь тун дургүй байсан юм. За ингээд бидний хэлж заншсанаар намарын арван тавны бүтэн сартай шөнө буюу Хятадуудын заншлаар еэвэн сарны баярын утга учирын талаархи хамгийн бодит боловуу гэсэн Хятад голдуу эх сурвалжаас авсан түүхийг хэлж өгье.Ази Европыг дамнасан Монголын эзэнт их гүрний үед Хятад улс Монголын нэгээхэн хэсэг байснаар зогсоогүй, тухайн нийгэмд Хятад хүмүүс хамгийн доод гарал зиндаанд тооцогдож байжээ. Монголчууд Хятадын айл өрхүүдийг аравтын нэгжид хувааж 10 Хятад гэр бүл бүр 1 Монгол гэр бүлд үйлчлэх системтэй байжээ. Үйлчлэгч 10 гэр бүл бүр дундаа гал зуухны 1 л хутгыг хувааж хэрэглэдэг байж. Үнэн худлыг мэдэхгүй Монголчууд маш хатуу хэрцгий байсан гэх ба, Хятадад 100 орчим жил (албан ёсны тоогоор 1271-1368) үргэлжилсэн Монголын Юань гүрний ноёрхолын эхний 50 жилд нь тухайн үейин Хятадын хүн амын тал хувь нь болох 60 сая хүн үгүй болжээ. Монголчуудын харгис хэрцгий ноёрхолыг түлхэн унагаахад өнчин ядуу нэгэн хөвгүүн, бадар барин даяанчлагч гоонь эр, бас тэгээд дугуй саран хэлбэрт еэвэн боов их чухал үүрэг гүйцэтгэсэн аж.Жү (Zhu Yuanzhang 朱元璋) хэмээх тариачин гаралтай ядмаг нэгэн хөвүүн 17 настайдаа өнчирч тосгод суурингаар дамнан гуйлга гуйн амьдрах болсон ба 24 насандаа Монголын ноёрхолыг эсэргүүцэх хөдөлгөөнд нэгдэн оржээ. Өнчин ядуу амьдралын туршлага нь түүнийг чанга хатуу чадварлаг удирдагч болоход их нөлөө үзүүлсэн ба ердөө 3 жилин дотор тэрвээр босогчидын хөдөлгөөний удирдагч болон дэвшжээ. Лию хэмээх (Liu Bowen 劉伯溫) нэгэн сэхээтэн эр байсан ба тэрвээр нэгэн цагт Монголын засгийн газарт алба хааж байжээ. Ард түмэндээ хүчээ зориулж тэдэндээ үйлчлэх хүсэл мөрөөдөлтэй Лию авьяас чадвар нь зохих ёсоор үнэлэгдсэнгүй гэж үзсэний улмаас гутран олон түмнээс ангижран даяанчилж агуйд бясалгал үйлдэн суух болжээ.Сарны (Lunar Calendar) тооллын 8-дахь сарын 15ны өдөр (энэ оны 9-сарын 14) бүтэн сартай шөнө байдаг ба Хятадууд уламжлал ёсондоо дугуй саран хэлбэртэй еэвэн хийгээд хагалж идэн бүтэн сарны баярыг тэмдэглэдэг аж. Монголчуудын эсрэг бослогын хөдөлгөөний толгойлогч залуу эр Жу даяанч эр Лию-тэй уулзан учир байдлаа ярьж бослогын талаар зөвлөлдөн түүнийг бослогын удирдлагад оролцохыг хүссэн байна. Еэвэн сарны баярын үеэр Монголчууд Хятадын уламжлалт дугуй еэвэнг иддэггүй болохыг ажиглаж мэдсэн Лию бослогыг бүх Хятад даяар зэрэг өрнүүлэхийн тулд еэвэн дотороо бичиг хийж орон даяар тараах санааг сэджээ. Ингээд тэд маш олон тооны еэвэн хийж еэвэн дотороо "8-дахь сарын бүтэн сартай 15 ны өдөр Монголчуудыг ал " гэсэн нууц бичгийг хийж тараажээ. Энэ нууц бичигтэй еэвэнгээ хүн бүрт хүргэхийн тулд тэд аймшигт тахал өвчин тархаад байгаа ба энэ тарааж байгаа еэвэнг идвэл тахал өвчин тусахгүй хэмээн цуу үгийг давхар тараажээ. Энэ нууц ажиллагаа амжилттай болж орон даяар Хятадууд нэгэн өдөр зэвсэг барин босч тэмцэн Монголын ноёрхолыг унагаажээ. Ингээд 10 хүрэхгүй жилийн дотор Жу жанжнаар удирдуулсан арми Монголчуудыг нутгаасаа хөөн гаргаж жинхэнэ Хятад хүний удирдсан Мин улсыг тогтоожээ. Өнчин, ядуу, боловсролгүй тариачин гаралтай Жу хэмээх энэ залуу 40 нас ч хүрээгүй байхдаа 276 жил үргэлжилcэн Мин улсыг анхлан байгуулсан хаан нь болсон ба түүний хамтран зүтгэгч Лию нь Хятадын түүхэндэх гайхамшигт цэргийн жанжнуудын нэгэнд тооцогдох болсон аж. Би дээр Хятадууд Монгол хүний төрхийг зурсан еэвэнг хагалж иддэг байсан цуу яриа нь хамгийн түгээмэл болох талаар дурдсан. Энэ яриаг би үгүйсгэхгүй. Учир нь Хятадууд Монголчуудыг хөөн гаргаад Мин улсаа байгуулснаасаа хойш бүтэн сарны баяраа тэмдэглэхдээ нууц бичиг хийхийн оронд Монгол хүний төрхийг зурсан еэвэнгээ хагалан идэж ялалтаа тэмдэглэдэг заншилтай болсон байж болох юм. Монголчуудын харгис хэрцгий дарангуйллыг түлхэн унагаахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн дугуй еэвэн болоод еэвэн сарны баяр нь ийм л учираас Хятадын соёл заншилд нэн хүндтэй байр суурийг эзэлж Хятад хүн бүрийн зүрхэнд ойр байдаг гэнэ. Сарны тооллоор жил бүрийн 8-дахь сарын 15 өдөр буюу, энэ жилийн хувьд 9-сарын 14нд (09/14/2008) бүтэн сартай шөнө байж, хаа газрын Хятадууд цугларан энэхүү түүхийг ярьж баяраа тэмдэглэн дугуй еэвэн хэрхэн Хятад улсыг Монголчуудаас аварсаныг дурсан санадаг уламжлалтай ажээ.
Нийтлэлийг бэлтгэсэн Тайж овгийн Х.БС

4 comments:

Yilu said...

tiim shu, yag iim tuuh sonsoj bsn um bn, yeeven sarnii bayar r yeeveng ni idehgui geed gej bodchihood neg medehed l martaad idchihsen bdg balai har zolig bgaamaa bi

У.Энхтүвшин said...

Тийм шүү. Энэ тухай сонсож байсан вм байна. Бас дээр нь нэмхэд Хятадын евэн сартай давхцуулахгүй гэсэн үүднээс Төгсбуянтын зурхайг монгол хүн зурсан тухай сонсож байсан юм байна. Одоо манай зурхайчдын маргалдаад байдаг цагаан сараа хэзээ хийхүү гэдэг асуудал нь зарим зурхайч нар маань энэ төгсбуянтын зурхайн талаар сайн мэдэхгүйн улмаас маргадаг байх. Энэ маань цаанаа хятадаас тусгаар байх гэсэн үндсэрхэг үзлийн илрэл байх шиг...

Жавхлан said...

Тун сайхан бичлэг байна. Еэвэн сар бол Монголын түүхэн их доройтолын эхлэл байж дээ.

Эрхэмээ said...

Улс гүрэн бүр түүхийн хуудаснаа мандалт, доройтлын эргэлтэнд явсан байдаг. Хятадад хүчирхэгжихэд Монгол доройтдог, Хятад доройтоход Монгол хүчирхэгждэг. Бидний ээлж ирж л таараа. Миний нас хүрэх нь үү гэдэг л ...